Эхо аппаратаа гэмтлээс урьдчилан сэргийлэх 7 зөвлөгөө

ЭХО аппаратын хувьд зургийн чанар, найдвартай ажиллагаа хамгийн чухал. Гэтэл дүрсний чанар муугаас дахин дахин харах, Аппарат гацсанаас үзлэгийн цаг удааширч, дараалал үүсэх, оношилгооны итгэлгүй байдал зэрэг асуудлууд үүсдэг. Иймд та ЭХО аппаратаа найдвартай ажиллаж байгаа эсэхээ үнэлэхэд хэрэгтэй дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу!

  1. Preset тохиргоо
    ЭХО аппарат нь бусад дүрс оношилгооны аппаратуудтай харьцуулахад өргөн цар хүрээтэй оношилгоо хийдэг тул үүнийгээ дагаад дүрсний тохиргоо хийх параметр ихтэй тул ашиглаж байгаа хүнээс маш их туршлага ур чадвар шаарддаг. Тиймээс эдгээр параметрүүдийг тухайлсан эрхтнийг үнэлэхэд зориулан нэгтгэсэн тохиргоог preset гэж нэрлэдэг. Зургийн чанар муу байгаатай холбоотой асуудлууд нь ихэвчлэн preset тохиргоо алдагдсантай холбоотой байдаг, preset ийг зөв үүсгэснээр дүрсний чанар сайжрах, үзлэгийн цаг хэмнэх ач холбогдолтой тул preset тохируулгаа шалгуулах нь хэрэгтэй
  2. Проб оо шалгах
    Үзлэг бүрийн өмнө пробны үзүүр хэсэг болох резинэн гадаргууг шалгаж, хууларсан, зүсэгдсэн гэх мэт механик гэмтэл байгааг шалгана, хэрэв резинэн хэсэг битүүмж алдсан байвал гель пробны электрон хэсэгт нэвтэрч гэмтээх, артифакт өгөх эрсдэлтэй, Пробыг цэвэрлэхдээ saniclot гэх мэт зориулалт-ийн проб цэвэрлэгч ашиглана. Энэ нь пробонд гэмтэл учруулахгүй зөөлөн байдгаас гадна ариутгалын үүрэг давхар гүйцэтгэдэг. Мөн проб нь удаан хугацаанд ашиглагдсан бол мэдрэг чанар нь суларч дүрс муудахад нөлөөлнө.
  3. CPU ний ажиллагаа
    Аппарат гацах, гэнэт унтрах, халах, сэнс хүчтэй ажиллах зэрэг нь CPU хэт халснаас үүдэлтэй байж болно. ЭХО аппаратын үйлдэл бүр CPU ээр дамжин ажилладаг тул ачаалал их авч халалт үүсдэг. Иймд CPU температурыг хянаж, зориулалтын CPU халалтаас тусгаарладаг пироныг жилдээ 1-2 удаа түрхэж байх хэрэгтэй.
  4. Цэвэрлэгээ үйлчилгээ
    ЭХО аппаратыг жилдээ 1-2 удаа бүрэн цэвэрлэгээ хийж, агаар шүүгч, сэнс, зэргийг цэвэрлэх хэрэгтэй. Энэ нь аппаратын эх хавтангууд сэнс зэрэг эд ангийн бохирдлоос үүсэх гэмтлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
  5. Товчлууруудын ажиллагаа
    ЭХО аппаратад нийтлэг тулгардаг нэг асуудал бол track ball гацах. Энэ нь аппараттай ажиллахад маш хүндрэлтэй болгож өдрийн турш ажиллах эмчид стресс их үүсгэдэг. Мөн их хэрэглэгддэг товчлуурууд муудаж ажиллагаагүй болдог. Эдгээрийг тухай бүр нь сольж цэвэрлэж арга хэмжээ авах хэрэгтэй.
  6. Хатуу дискний ажиллагаа
    Аппарат бүртгэл хийхэд гацах, жингүйдэж буй мэт удааширсан ажиллагаа, янз бүрийн алдаанууд дэлгэцэд гарах нь хатуу дисктэй холбоотой гэмтэл байх нь элбэг байдаг. Хатуу дискний ажилласан цагийг тооцоолж гэмтэхээс нь өмнө нөөцөлж авах нь аппаратыг удаан хугацаанд зогсохоос сэргийлнэ. 2-3 жил тутамд хатуу дискээ сольж байх зохимжтой
  7. Цахилгааны чанарт анхаарах
    Манай орны хувьд цахилгаантай холбоотой гэмтэл их гардаг. Иймд тухайн аппаратын хүчин чадалд тохирсон online UPS ийг ашиглах нь аппаратаа цахилгааны гэмтлээс хамгаалах чухал ач холбогдолтой.
    Энгийн UPS үүд нь цахилгаан хэлбэлзэх үед нь мэдрээд шилжилт хийж UPS рүү шилжүүлдэг бөгөөд энэ нь ЭХО аппаратын хувьд өндөр Radio frequency үүсгэдэг өндөр давтамжийн аппаратуудад тохирдоггүй.
    Online UPS гэдэг нь хананаас ирж буй хүчдэл бүр UPS ээр дамжин тогтворжоод аппаратад очдог тул аюулгүй байдаг. Мөн газардуулгад зайлшгүй холбох хэрэгтэй. Газардуулгагүй ажиллуулснаас болж ЭХО аппаратын дүрсэнд артифакт их өгдөг.

Эдгээр 7 зөвлөмжийг дагаж мөрдсөнөөр та ЭХО аппараттай холбоотой гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой.